|
|
|
| Аянга яаж ниргэдэг вэ? |
-Танин мэдэхүй-
Аянга заавал газар ниргэдэггүй. Янз бүрийн цэнэгтэй үүлсийн хооронд болон үүл газрын хооронд үүсэх нүсэр том очтой цэнэгийг аянга гэдэг. Тэгэхээр аянга агаарт ниргэж болно.
Ихэнхдээ үүлэн дэх цэнэг нь доошоо чигтэй байдаг. Яагаад гэвэл үүлний дээд хэсэгт эерэг цэнэг хуримталдаг, үүлэн доорх агаар сөрөг цэнэгтэй байдаг. Ийм гялбааны үргэлжлэх хугацаа нь 0,001-0,02 секундийн хооронд хэлбэлздэг.
Үүлэн доторх цэнэгийн хүч харилцан адилгүй болох, мөн хэд хэдэн үүл хоорондоо шүргэлцсэнээс үүдсэн цахилгааны цахих хугацаа 1.5 секунд хүртэл, урт нь 1 -150 км хүртэл үргэлжилж болно.
Үүлс хоорондын цахилгаан харахад сонин, ялангуяа шөнийн цагаар бүр ч сүртэй байдаг бол газарт буусан аянга хүнд ихээхэн аюултай.
Аянгын үзүүр хэсэгт ихээхэн сөрөг цэнэг хуримтлагддаг бол газрын гадаргуу эерэг цэнэгтэй байдаг учраас ниргэлт үүсдэг.
Аянга ниргэх, цахилгаан цахих үйл явц нь өөрөө олон шат дараалалтай. Эхлээд үүлнээс буусан гялбаа газарт хүрч, тэгснээ эргээд яг тэр замаараа үүлэнд хүрнэ. Энэхүү эргэлт хэд ч давтагдаж болно. Гагцхүү энэ бүхэн асар түргэн хугацаанд болж өнгөрдөг учраас хүний нүд нэг л том гялбаа, эсвэл ниргэлт гэж хардаг. |
| GoGo Мэдээ |
|
| "Sweetymotion"-ыг Б.Амархүү сонирхож эхлэв |
Америкт долоон жил уран бүтээлээ хийгээд ирсэн "Sweetymotion" эх орондоо ирээд эрх чөлөөг мэдэрсэн гэдэг.
Тэд "Хэдий бид эрх чөлөөний оронд байсан ч эх орондоо жинхэнэ эрх чөлөөгөөр амьсгалж байна" хэмээн уулга алдсан.
Хамтлагийнхны хувьд нэг хэсэгтээ амарч байгаад саяхнаас уран бүтээлдээ оржээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав, соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нартай хамтарсан "Зүүдлээрэй" гэсэн уран бүтээлдээ клип хийлгээд тун завгүй яваа гэнэ.
Мөн буриадын ардын жүжигчин Б.Амархүү тэдэнтэй хамтран уран бүтээл хийх санал ирүүлжээ. |
| GoGo Мэдээ |
|
| Д.Даваа-Очир: Хорих ангийн удирдлагуудын буруугаас ялтнууд орголоо |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Мааньт дахь 415 дугаар чанга дэглэмтэй хорих ангиас хоригдлууд энэ сарын 2-нд бүлэглэн оргожээ.
Хууль хяналтынхан шуурхай ажиллаж оргосон ялтнуудыг 24 цагийн дотор шуурхай илрүүлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очироос тодрууллаа.
-Оргосон хоригдлуудыг хаанаас баривчлав. Баривчлах үед ямар нэг эсэргүүцэл үзүүлсэн үү?
-Пүрэв гаригт 21.30 цагийн үед Мааньтын чанга дэглэмтэй хорих ангиас гурван ялтан бүлэглэн оргосон хэрэг гарлаа. Оргосон ялтнууд болох Э.Лхагвадорж, Х.Төвшинтөр, К.Нурболат нарыг өнөөдөр Багануур дүүргийн ойролцоо Хонхор өртөөний VII зөрлөгөөс баривчиллаа.
-Чанга дэглэмтэй хорих ангиас ялтан оргосон нь хариуцлага алдсан хэрэг. Буруутанд хариуцлага тооцно биз дээ?
-Тухайн хорих ангийн удирдлагуудын буруугаас хоригдлууд оргосон. Хоригдлууд хорих ангийнхаа хамгаалалт дохиоллын системийг эвдээд оргосон байсан.
-Өмнө нь хоригдлууд оргож байсан тохиолдол гарсан уу. Тэд ямар хэргээр ял эдэлж байсан юм бэ?
-Э.Лхагвадорж өмнө нь оргох гээд баригдсан этгээд. Эдгээр ялтнууд хулгай, хүчингийн хэргээр 3-24 жилийн хорих ял эдэлж байсан.
-Хэрэгтнүүдийг барихад ямар бүрэлдэхүүн гарч ажилласан бэ?
-ШШГЕГ-ын тусгай бүлэг, ЦЕГ-ын тусгай бүлэг, ЭЦГ-ын VI хэлтэс, Говь-Сүмбэр, Багануур, Налайхын хорих ангийн ажилтнууд нэгдэн ажиллаж гэмт хэрэгтнүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө баривчилсан. |
| GoGo Мэдээ |
|
| Адилхан амжилтыг юугаар нь алагчилдаг юм бол? |
-Өөр мэдээ-
Монголын спортын идэр үеийнхэн энэ жил одтой байж, дэлхийн аварга, залуучуудын олимпийн наадмуудаас дөрвөн алт, нэг мөнгөн медалийг хүртсэн бахдам амжилт хуучраагүй байна.
Гэхдээ ард түмнээ баярлуулсан энэ амжилтыг мялаасан засгийн шагнал олон хүний эгдүүцлийг төрүүллээ.
Ерөнхий сайд С. Батболд өчигдөр спортын амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал гардуулахдаа алтан медальтнуудын амжилтыг ялгаж орхив. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая олгосон атлаа, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ.
Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг Монгол ёс байдаг. Гэхдээ алтан медалийг үнэлсэн шагналыг харьцуулахад 36:12:0,5 гэсэн дөрвөн тоо гарч байна. Яг адилхан тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн тамирчдад нэгд нь 36 сая төгрөг өгчихөөд нөгөөд нь түүнээс 72 дахин бага мөнгө амлахдаа юугаар нь ялгасан хэрэг вэ.
Шатрын спорт чөлөөт бөхөөс 72 дахин бага хөдөлмөр шаарддаг, харин буудлага гурав дахин бага хөдөлмөр зарцуулагддаг гэж үзээгүй байгаа даа. |
| GoGo Мэдээ |
|
| Шээс шидтэй шингэн гэдгийг баталлаа |
Шотландын эрдэмтэд олныг гайхшруулсаар л байна. Тэд саяхан л вискиний үйлдвэрийн хаягдлаас биотүлш гаргаж авч байсан бол одоо бүр хүний шээснээс түлш гаргах боллоо.
Карбамид түлшний эх үүсвэрийн хувьд хэд хэдэн давуу талтай. Олдоц сайтай, хоргүй, тээвэрлэхэд хялбар, азотоор баялаг.
Хериот-Ваттын их сургуулийн ажилтан Шаньвэнь Тао, Жун Лань нарын боловсруулсан Carbamide Power System нь хүмүүс, амьтдын шээсийг ус, азот, нүүрсхүчлийн хий болгон задлахтайгаа зэрэгцүүлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм.
Өдгөө хэрэглэж буй түлшний элементүүд үнэт металлын тусламжтайгаар ангижирдаг бол шээсийг хямдхан зүйлээр задалж болно.
Арал, цөл, шумбадаг завь тэргүүтэнд энэ систем нэн зохистой гэж эрдэмтэд үзэж байна. Тэгээд ч төр засаг урсгал уснаас шээс ялгах гэж өчнөөн зардал, хүч зарцуулдаг бол шинэ нээлт маань эдгээр зардлыг эрс багасгах юм. |
| GoGo Мэдээ |
|
|
|
|
|